Германы дайн
From Wikipedia, the free encyclopedia
Германы дайн буюу Германчуудын дайн (Герман: Deutscher Krieg мөн «Preußisch-Österreichischer Krieg» монголоор Прусс-Австрийн дайн) нь 1866 онд Германы Холбоо нь Австрийн удирдлага дор эсрэг тал болох Прусс ба түүний холбоотнуудтай хийсэн зэвсэгт мөргөлдөөнийг хэлдэг. Пруссийн холбоотнуудад германы жижиг улсуудаас гадна Итали бас орж байв. Энэ дайнд Франц оролцоогүйн учир нь Австри тус улстай нууц гэрээ хийсэн байжээ.
Огноо | 1866 оны зургаадугаар сарын 14-өөс наймдугаар сарын 23 хүртэл |
---|---|
Байрлал | Германы Холбоо (Өмнөд ба Төв Герман, Бохеми ба Морави), Унгарын Хант Улс, Дээд Итали, Адриатын тэнгис |
Үр дүн | Прусс ба түүний холбоотнуудын ялалт |
Нутаг дэвсгэрийн өөрчлөлт | үзэх: 1866 оны Пруссийн нэгдэл; Итали Венетог авсан |
Энхтайвны гэрээ | Праг Прусстэй, Вена Италитай энхтайвныг тогтоосон |
Зөрчилдөгч талууд | |
---|---|
|
|
зэвсэгт мөргөлдөөний он цагийн хэлхээс (хоёулаа 1866 онд)
Кустоца – Хүүнэрвассер – Подол – Наход – Траутенау – Лангензалца – Скалиц – Мюнхенгрец – Гичин – Көнигинхоф – Швайншедел – Көниггрец – Дэрмбах – Киссингэн – Майны давшилт – Фроонхофен – Ашаффенбург – Лисса – Бецекка – Блуменау – Хундхайм – Таубербишофсхайм – Вербах – Хэлмштадт – Гэрсхайм – Үттинген/Россбрунн
Эдгээр мөргөлдөөнийг сүүлд нь хоёр дахь Германы нэгдлийн дайн хэмээн нэрлэх болов. Үүний өмнөх дайн буюу 1864 оны Герман-Данийн дайнаар Прусс-Австри Улс Шлесвиг ба Хольштайны херцогт улсуудыг байлдан дагуулсан нь Германы дайн гарах нэгэн шалтгаан байлаа. Тус дайнуудын гурав дахь нь 1870-1871 оны хооронд болсон Герман-Францын дайн байв.
Энэ дайны жинхэнэ шалтгаан нь Германы Холбоог тэргүүлэх буюу төрийн жолоог атгахын төлөөх Австри ба Пруссийн хоорондын зөрчил байсан юм. Австрийн хувьд германы холбооны засгийн газарт илүү олон суудалтай учир энэ давуу талаа Германы Холбоонд хадгалж үлдэхийн төлөө тэмцэв. Харин Пруссийн зүгээс болохоор Германы Холбоог «Холбооны Улс» болгох сонирхолтой байжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Пруссийн ерөнхий сайд Бисмарк 1866 оны зургаадугаар сарын 10-нд «Пруссийн холбооны шинэчлэлийн төлөвлөгөө» гэх үндсэн хуулийн багцыг гишүүн улсууддаа танилцуулав.
Тун удалгүй Пруссийн цэргүүд Хольштайн руу довтлов. Хольштайны Херцогт Улсыг тэр үед Австри захирч байж. Германы Холбооноос 1866 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Пруссийн эсрэг арга хэмжээ авах шийдвэр гаргажээ. Үүний дараахан дайн эхэлсэн аж. Дайны үеэр Австри өөрийн холбоондоо үнэнч улсуудын зэвсэгт хүчнийг нэгтгэж, нэгдсэн нэг командад оруулж чадсангүй. Тэдний хамгийн гол хүч болох Байерн ба Ханноферийн арми нь зөвхөн тус тусынхаа нутаг дэвсгэрийг л хамгаалан тэмцжээ. Австрийн цэрэг 1866 оны долоодугаар сарын 4-нд Көниггрецийн дэргэд Прусст ялагдал хүлээв.
Прусс нь Австрийн газар нутгаас чадлынхаа хэмжээгээр давшин эзлэх санаархал байгаагүй учраас Австритай аль болох богино хугацаанд энхтайвныг тогтоохыг зорьжээ. Николсбургийн урьдчилсан энхтайвны гэрээнд Австри улс умард германы нутагт өөрийн холбоогоо байгуулах эрхийг Прусст олгосон байна. Үүний дараа Прагийн энхтайвны гэрээ дагалдсан ба энэ удаа үлдсэн байлдагч талууд гэрээнд гарын үсэг зурцгаав. Ялагдсан улсуудад Германы Холбоо задарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Прусс улс умард дахь өөрийн холбоотнууд болон ялагдсан улсуудтай наймдугаар сарын 18-нд Наймдугаар сарын холбоог байгуулав. Ингээд улсуудын зэвсэгт хүчнийг Холбооны Германы нэгдсэн зэвсэгт хүчнээр сольсон нь Хойд Германы Холбооны Улс байгуулагдах эхлэл болжээ. Энэ холбоог 1867 оны долоодугаар сарын 1-ний Холбооны Үндсэн хуулиар баталгаажуулав. Энэхүү Хойд Германы Холбоо нь 1871 онд байгуулагдсан Германы Эзэнт Гүрний өмнөх шат байв. Өөрөөр хэлбэл Германчуудын дайн нь Бага Германы шийдлээс эхлэн цааш явсаар Австри Улсгүйгээр Герман үндэстнүүдийн улс байгуулагдах хөгжлийн замыг зассан юм.