Бохеми
From Wikipedia, the free encyclopedia
Бохеми (германаар Böhmen → [ˈbøːmən], чехээр Čechy → [ˈt͡ʃɛxɪ], оросоор Богемия) — чех үндэстний нутаг буюу Чех улсын ихэнх хэсэг болох баруун хэсгийг хамаарсан түүхэн газар орон байв. Одоо ч мөн тус нутгийг албан бусаар, уламжлал ёсоор Бохеми гэдэг. Өргөн утгаар Бохемийн вангийн нэр хүнд өндөр байсан тул Морави, Чехийн Силезийг оруулан бүх чех нутгийг Бохеми гэдэг байв.
9-10-р зуунд Их Моравийн хүрээнд Бохеми нь эхлээд бейст нутаг байснаа 11-19-р зуунд найман зууны турш Ариун Ромын Эзэнт Гүрний харьяанд Бохемийн Хант Улс байв. Дараа нь Хабсбургийн улс, Австрийн Хаант Улсын харьяанд оржээ. 1914-1918 оны хооронд болсон Дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаар Чехословак улс байгуулагдахад дотор нь багтсан. 1938-1945 онд Нацист Германы эрхэнд орсон. 1969 онд Бохемыг хамарсан чех нутаг Чехословакийн харьяанд өөртөө засах эрхтэй Бүгд Найрамдах Социалист Чех Улс болжээ. 1990 онд Чехословак хуваагдахад тусгаар улс буюу өнөөгийн Бүгд Найрамдах Чех Улс болон тогтжээ.
1948 он хүртэл Бохеми нь Чехословакийн засаг захиргааны нэгж болох нутаг (земе)-нд хуваагдаж байсан. Засаг захиргааны шинэчлэлээр өөртөө засах аймаг (край) болж, өмнөх түүхийн хил хязгаарыг дагахгүй болжээ. Чех улсын үндсэн хуулинд "Бохеми, Морави, Силези дахь Бүгд Найрамдах Чех Улсын иргэд бид" гэж гурван нутгийг дурдан өгүүлсэн байдаг. Бохеми нутгийг багцаалвал 52,065 хавтгай дөрвөлжин километр газар болох бөгөөд өнөөгийн байдлаар Чех улсын 10.5 сая хүний ихэнх буюу 6.5 сая оршин сууж байгаа.
Бохеми нутаг өмнөд талаараа Дээд, Доод Австри (хоёул Австрийн нутаг), өрнөд талаараа Бавари, умард талаараа Саксон, Лусат (энэ гурав бол Германы нутаг), дорно умард талаараа Силези (Польшийн нутаг), дорнод талаараа Морави (Чехийн нутаг) нутгуудтай хил залгадаг уламжлалтай. Бохеми хил хязгаар ихэвчлэн уулын нуруу, уулсаар тогтсон байдаг. Үүнд Бохемийн ой, Оре нуруу, Крконоке, Судетын нуруу зэрэг байна. Бохеми-Моравийн хил хязгаар болж Элбэ, Дунай мөрөн урсдаг.