Зүүнгарын Хаант Улс
From Wikipedia, the free encyclopedia
Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарыг нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн гэж бичдэг. Ойрадууд Монгол улсаас салан тусгаарлах урт тэмцэл явуулсанаараа алдартай бөгөөд 1678 оноос өөрсдийн Зүүнгар улсыг байгуулжээ. Зүүнгар нь Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизийн хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв.
1610 оноос Зүүнгарын хаант улсын суурь тавигдах үеээс Ойрадын удирдагчид хунтайж хэмээх цолтой байв[1]. 1678 онд Галдан Далай ламаас Бошигт хан цол хүртсэн үеэс эхлэн Цэвээнравдан, Галданцэрэн хаан, Даваач нар хаан цолтойгоор засаглаж байсан ажээ. Ойрадын Цорос, Өөлд аймгууд Ойрадын цэргийн зүүн талын жигүүр болдог байсан тул уламжилалаар хожим Зүүнгарчууд гэж нэрлэгдэх болжээ. Цоросууд 17-р зуунд хүчирхэгжин урьд нь Ойрадыг тэргүүлж байсан Хошууд аймгийн оронд Ойрадыг толгойлон хүчирхэг улс байгуулсан нь Зүүнгарын улс болсон юм.