Засгийн газрын тэргүүн
From Wikipedia, the free encyclopedia
Засгийн газрын тэргүүн нь бүрэн эрхт улс, холбооны муж, өөртөө засах колони гэх мэтчилэн ямарваа төрлийн засгийн газрын хамгийн өндөр буюу хоёр дахь хамгийн өндөр албан тушаалтай хүн юм бөгөөд хэсэг бүлэг сайд эсвэл түүнтэй ижил түвшний гүйцэтгэх засаглалын байгууллагуудын удирдлагыг удирдан чиглүүлэх үүрэгтэй байдаг. Олон улсын харилцаанд "засгийн газрын тэргүүн" гэх нэр томьёо нь "төрийн тэргүүн" гэх ойлголтоос ондоо байдаг ч[1][2][3][4] АНУ болон бусад хэд хэдэн оронд нэг хүн тус хоёр үүргийг зэрэг гүйцэтгэдэг.
Ерөнхийлөгч, канцлер, ерөнхий сайд гэх мэт засгийн газрын тэргүүний эрх мэдэл, болон тэдний төрийн бусад байгууллагуудтай холбоо хамаарал улс улсаасаа хамаараад харилцан адилгүй байдаг бөгөөд тухайн улсых нь одоогийн төрийн зохион байгуулалт хэрхэн тогтсонтой салшгүй холбоотой байдаг.
Ихэнх парламентын тогтолцоо, тэр дундаа үндсэн хуульт хаант засаглалд засгийн газрын тэргүүн нь тухайн улсынхаа де факто улс төрийн удирдагч бөгөөд хууль тогтоох байгууллагын дор хаяж нэг танхимд хариуцлага хүлээдэг. Засгийн газрын тэргүүн нь хэдийгээр төрийн тэргүүндээ засгийн газрынхаа ажлыг тайлагнадаг харилцаа байдаг ч төрийн тэргүүн нь үндсэндээ бэлгэ тэмдэг төдий, үндсэн хуулиар зөвшөөрсөн цөөн хэдэн тохиолдолд л гүйцэтгэх засаглалын зарим нэг үүргийг гүйцэтгэдэг.[5]
Харин ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улсууд эсвэл үнэмлэхүй хаант засаглалтай улсад төрийн тэргүүн нь засгийн газрын тэргүүний үүргийг хамсарган гүйцэтгэдэг. Тус удирдагч болон засгийн газрын хоорондын харилцаа нь улс улсаасаа, тухайлбал эрх мэдлийн хуваарилалт, автократ байдал, үндсэн хууль зэргээсээ хамаараад нэлээд өөр өөр байдаг.
Хагас ерөнхийлөгчийн тогтолцоонд засгийн газрын тэргүүн нь төрийн тэргүүн болон хууль тогтоох байгууллагад аль алинд нь ажлаа тайлагнадаг. Орчин үеийн жишээ бол 1958 онд Францын 5 дахь бүгд найрамдах үндсэн хууль юм. Францад ерөнхийлөгч буюу төрийн тэргүүн нь засгийн газрын тэргүүн болох ерөнхий сайдыг томилдог. Гэсэн хэдий ч тус ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын үүргийг үр дүнтэй гүйцэтгэж чадвартай, Францын хууль тогтоох байгууллага болох Үндэсний Ассамблейн дэмжлэгийг авч, хууль батлах чадвартай хүнийг сонгох ёстой. Зарим тохиолдолд төрийн тэргүүн болон хууль тогтоох байгууллагын олонх нь өөр өөр намых байж болно. Тэр үед хичнээн ерөнхийлөгч нь засгийн газрын тэргүүнийг сонгох эрхтэй ч хууль тогтоох байгууллага нь тухайн улсынхаа төсөв, хууль тогтоох зэрэг хамгийн чухал эрх мэдлүүдийг гартаа атгадаг тул бодит байдал дээрээ олонх намын хүнийг томилохоос өөр сонголгүй байдаг ба үүнийг англиар cohabitation гэдэг.
Коммунист орнуудад Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь дээд удирдагч байдаг бөгөөд де факто төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэдэг. Хятадад де юре засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд юм. БНХАУ-ын ерөнхийлөгч бол хууль ёсны дагуу бэлгэ тэмдэг төдий албан тушаал боловч Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга (нэг намын тогтолцооны дээд удирдагч) 1993 оноос хойш шилжилтийн саруудаас бусад тохиолдолд энэ албыг байнга хавсран хашдаг.[6][7]
Захирлын тогтолцоонд засгийн газрын тэргүүний гүйцэтгэх үүрэг нь хэсэг бүлэг хүмүүсийн дунд тэгш хуваарилагдсан байдаг. Үүний тод жишээ бол Швейцар улсын Холбооны Зөвлөл бөгөөд тус зөвлөлийн гишүүн бүр нэг хэлтсийг удирддаг ч бүх хэлтэстэй холбоотой саналд санал өгдөг.