Сунь Ятсен
From Wikipedia, the free encyclopedia
Сун Ятсэн (Хятад: 孫文; 孫中山; 孫逸仙; латин галиг Sūn Yìxiān) (1866 оны 11-р сарын 12-нд төрж, 1925 оны 3-р сарын 12-нд нас барсан) Хятадын хувьсгалч, улс төрийн удирдагч.
Сун 1911 оны 10-р сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж Чин Улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн. 1912 онд Дундад Иргэн Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгч болж байсан бөгөөд сүүлд Гоминдан намыг байгуулалцаж анхны дарга нь болж байлаа. Сун эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн байсан бөгөөд эх газрын Хятад болон Тайваньд хоёуланд нь ихэд шүтэгддэгээрээ XX зууны Хятадын улс төрчдийн дундаа өвөрмөц юм.
Сун орчин үеийн Хятадын хамгийн аугаа удирдагчдын нэг гэж тооцогддог боловч түүний улс төрийн амьдрал байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн юм. Хувьсгал амжилт олсны дараа Сун шинэ тулгар Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн эрхнээс тун удалгүй бууж, тус улсын ихээхэн хэсгийг хяналтдаа аваад байсан дайтагч бүлгүүдийг эсэргүүцэн хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Сун нам нь улс орондоо эрх мэдлээ бэхжүүлэх цагийг үзээгүй юм. Түүний нам коммунистуудтай хэврэг эвслийг байгуулсан бөгөөд түүнийг нас барсны дараа хоёр фракц болон хуваагдсан. Суний гол өв нь Ард түмний гурван зарчим хэмээх улс төрийн философи юм (ард түмний харилцаа/холбоо, ард түмний хүч, ард түмний амьжиргаа/сайн сайхан байдал, буюу заримдаа орчуулгаасаа хамааран үндэсний үзэл/бүрэн эрхэт байдал, ардчилал, социализм/популизм/амьжиргаа гэж хэлдэг).
1924 оны сүүлээр Сун Ятсэн мужуудын цэргийн удирдагчидтай хэлэлцээр хийх найдлагатайгаар Умард Хятад руу аялалд гарсан боловч аяллын явцад хүндээр өвчилсөн байна. Сун Ятсен 1925 оны 3-р сарын 12-нд түүний зохион байгуулсан "Умард аялал" эхлэхээс нэг жилийн өмнө элэгний хорт хавдраар нас барсан нь улс орноо нэгтгэх мөрөөдлөө бараг биелүүлсэн гэж үздэг. Түүнийг нас барсаны дараа Хятадын Бүгд Найрамдах Улсын анхны удирдагч байсан тул 1940 онд "Үндэсний эцэг" гэх цол өгчээ.