Олон улсын нэгжийн систем
From Wikipedia, the free encyclopedia
Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d'unités нэрний хураангуй нь SI буюу Монголоор СИ) - метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.
Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд (сгс) системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд (мкс) систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон.
СИ систем нь хэд хэдэн шинэ нэгжийн нэрийг оруулж ирсэн. СИ систем нь тогтмол биш бөгөөд хэмжилтийн технологи хөгжих тутамд олон улс хоорондын зөвшилцлийн дагуу шинээр нэгж зохион бас тайлбаруудыг нь шинэчилсээр байдаг. Олон улсын албан ёсны гарын авлага нь 1970 оноос хэвлэгдэж эхэлсэн СИ системийн гарын авлага (Франц: Brochure SI, Англи: SI Brochure) юм. 1985 оноос уг гарын авлага нь франц ба англи хэлээр хэвлэгдэх болсон бөгөөд, бусад олон хэл дээр орчуулагддаг. 2006 онд 8-р хэвлэл гарсан.
Энэхүү нэгжийн системийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд ихэнх улс орнууд өөр бусад нэгжийн албан ёсны тайлбар гаргадаггүй. Харин Америкийн Нэгдсэн Улс нь СИ системийн нэгжээс гадна одоо ч олон хуучин нэгжүүд хэрэглэсээр байна. Британид засгийн газар нь метрийн системд шилжих бодлого хэрэгжүүлж буй ч энэхүү шилжилт нь хараахан дуусаагүй байна. СИ нэгжээс өөр нэгж хэрэглэж буй эдгээр улсууд (тухайлбал АНУ болон Англи) нь өөрсдийн уламжлалт нэгжүүдийг СИ системийн нэгжүүдээр дахин тодорхойлоод байна.