Наполеон
From Wikipedia, the free encyclopedia
Хожим Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон Наполеон Бонапарт (Франц: Napoléon Bonaparte; корсик. Napulione Buonaparte, итал. Napoleone Buonaparte: 1769 оны 8-р сарын 15-нд Корсик арал дээр төрсөн – 1821 оны 5-р сарын 5-нд Гэгээн Еленагийн арал дээр нас барсан) Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, орчин үеийн Франц улсын суурийг тавьсан францын цэрэг, улс төрийн зүтгэлтэн юм.
I Наполеон | |
---|---|
Францын эзэн хаан; Италийн хаан, Швейцарын холбооны зуучлагч, Райны холбооны хамгаалагч | |
Эзэн хаан Наполеон Түйлерт судалгаа хийж байхдаа, Жак-Луй Давид, 1812 | |
Хаанчлал | 1804 оны 3-р сарын 20–1814 оны 4-р сарын 6 1815 оны 3-р сарын 1–1815 оны 6-р сарын 22 |
Хаан суусан | 1804 оны 12-р сарын 2 |
Бүтэн нэр | Наполеон Бонапарт |
Франц | Napoleon Bonaparte |
Төрсөн огноо | 1769 оны 8-р сарын 15 |
Төрсөн газар | Францын Корсика арлын Ажаччио |
Өнгөрсөн огноо | 1821 оны 5-р сарын 5 |
Өнгөрсөн газар | Гэгээн Елена арлын Лонгвүүд |
Оршуулсан | Парисын Лөзанвалиде |
Өмнөх | Францын консул (Францын анхдугаар бүгд найрамдах улсын гүйцэтгэх засаглал; Наполеон анхных нь консул байлаа) Өмнөх хаан: Францын хаан XVI Луй (1793 онд нас барсан) |
Удаах | XVIII Луй (де-факто) II Наполеон (де-юре) |
Хатан | Жозефин де Бюрхалис (1796 онд гэрлэсэн, 1810 онд салсан) Австрийн Мариа Луйз (1810 онд гэрлэсэн) |
Хүүхэд | II Наполеон |
Эцэг | Карло Буонапарте |
Эх | Летициа Рамолино |
Ургийн овог | Бонапарт |
Корсикад төрж, 1785 онд эх газрын Францад их бууны офицер байсан Наполеон Францын анхдугаар бүгд найрамдах улсын үед алдар хүнд олж авсан ба Францын эсрэг Анхдугаар ба Хоёрдугаар эвсэлийн дайны ажиллагааг амжилттай удирдсан байна. 1796 оны 3-р сард Жозефина Боарнэ (франц. Joséphine de Beauharnais )-тай гэрлэсэн.
1799 онд Бонапарт төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө анхны консулаар томилж, таван жилийн дараа 1804 оны 5-р сарын 18-нд өөрийгөө Францын Эзэн хаанаар өргөмжилжээ. XIX зууны эхний арван жилд тэрээр Францын анхдугаар эзэнт улсын армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, Аустерлицийн тулалдаан, Вагнерийн тулалдаан зэрэг олон тулалдаанд дараалсан ялалтууд байгуулж Европын эх газарт ноёлсон байна. Тэрээр өргөн эвсэл байгуулж, анд нөхөд, ах дүү нараа Европын бусад улсуудад эрх баригчаар томилох замаар Францын нөлөөллийн хүрээг тэлэн тогтоожээ.
1812 онд Оросыг дайлсан нь Наполеоны хувь тавиланд эргэлт гаргав. Түүний Их Арми (Франц: Grande Armée) дайны явцад сүйрч, дахин хэзээ ч бүрэн сэргээгүй юм. 1813 онд Зургаадугаар эвсэл Наполеоны цэргийг Лайпцигт бут цохиж, дараа жил нь Эвсэл Франц руу довтолж, Наполеоныг хаан ширээнээсээ буухад хүргэсэн бөгөөд түүнийг Элба аралд цөлжээ. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа Наполеон Элбагаас оргож, эрх мэдлээ буцааж олж авсан боловч 1815 оны 6-р сард Долоодугаар эвсэл эхэлж Англи Пруссын хамтарсан цэргийг тосож Ватерлоогийн тулалдаанд ялагджээ. Наполеон амьдралынхаа сүүлийн зургаан жилийг Гэгээн Еленагийн арал дээр Британийн хяналт дор өнгөрөөж, тэндээ нас барсан түүхтэй. Задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар өнгөрсөн гэж дүгнэсэн боловч Стен Форсхуфвуд болон бусад эрдэмтэд түүнийг хүнцлээр хордуулж алсан гэж үздэг юм.
Наполеон шинэчлэн байгуулсан Францын армиар томоохон ялалтууд байгуулж, янз бүрийн эх сурвалжаас тактикаа боловсруулдаг байлаа. Түүний цэргийн ажиллагааг дэлхий даяар цэргийн академиудад судалдаг бөгөөд түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэг гэж тооцогддог. Өрсөлдөгч, дайснууддаа дарангуйлагч гэж үзэгддэг байсан боловч Наполеон Баруун Европын ихэнх улс орны буюу Ром-Германы захиргаа-эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгосон, шүүх засаглалын үндэс болсон Наполеоны кодекс буюу Францын анхны иргэний хуулийг боловсруулсан гаргаснаараа дурсагддаг бөгөөд одоо хүртэл хуулиудын үзэл санаа амьд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байдаг юм.