Чин Улсын эрхшээл дэх Монгол орон
From Wikipedia, the free encyclopedia
Монголын түүхийн дунд үеийг төр улсын шинж чанараар нь –Монголын түрүү төр улсын үе, –Монголын төгөлдөржсөн төр улсын үе гэсэн хоёр том үе болгож болно. Монголын түрүү төр улсын үе 1130-аад оны үед Хабул хааны байгуулсан Монгол улсаас 1206 онд Чингис хааны байгуулсан нэгдсэн Монгол улс хүртэлх үеийг хамарна. Тэр үеийн Монгол улс хэмжээгээр бага хийгээд төрийн үндсэн шинжүүд нь бүрэн гүйцэд төлөвшөөгүй байсан тул тийнхүү түрүү төр улс хэмээн үзнэ. Монголын төгөлдөржсөн төр улс нь 1206 оноос XVII зуун хүрнэ. Чингис хаан төрийн үндсэн бүтцүүдийг зохион байгуулснаар жинхэнэ ёсоор төр улсын шинж бүрдэн тогтсон юм. Өгэдэй хааны үеэс Монгол төрийн бүтэц улам боловсронгуй болж, Эзэнт гүрэн жинхэнэ ёсоор байгуулагдсан билээ. Монголын эзэнт гүрэн унасны дараагаас Монголын нэгдмэл төр удсангүй задарч, биеэ даасан бага улсууд бий болсон билээ. Монголын уламжлалт түүх бичлэгт XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон буюу Манжийн эрхшээлийн үеийн Монгол орныг түүхийн дунд үед багтаан үзсээр ирсэн юм. Дэлхий нийтийн түүхийн үечлэлтэй уялдуулан авч үзвэл Манжийн эрхшээлийн үеийг Монголын түүхийн шинэ үед оруулах нь зохистой юм.Энэ үеийн түүхийг үндсэнд нь гурван үе болгон судлах ёстой. Чухамхүү ингэж Манжийн төрийн бодлого хэрхэн өөрчлөгдөж байсныг цаг хугацааны хувьд ялгавартай авч үзэхгүйгээр тус түүхэн үеийг үнэн зөв тодорхойлж, ойлгож чадахгүй.
Аль нэг богинохон үеийн хэрэг явдлаар бүхэл бүтэн үеийг төлөөлүүлэн авч үзэх нь алдаанд хүргэнэ.
1.XVII-XIX зууны дунд үе хүртэлх Монгол орон. Энэ үеийн Манжийн төрийн бодлого нь монголчуудыг уламжлалт аж төрөх байдлаар нь байлгаж, хэрэгтэй цагт ашиглах, түшиг тулгуур болгох зорилго бүхий байв. Чингэхдээ нийт монголчуудыг хошуу, чуулганы зохион байгуулалтанд оруулж засаглан захирав. Монголыг хууль зүйн үүднээс баримтлан захирах шаардлагаар хууль–эрх зүйн дарангуйлах тогтолцоог бий болгов. Монгол нутагт уул уурхай нээх, газар хагалахыг хориглож, худалдааны хятад иргэдийг зөвхөн тодорхой зөвшөөрөл, хугацаагаар орохыг зөвшөөрч байв.
2.XIX зууны дунд үеэс XIX зууны төгсгөл хүртэлх Монгол орон. Манжууд Хятадад улам бүр уусч, хааны ордон дахь хятад түшмэд олшрохын хэрээр Манжийн бодлого аажмаар Хятадын бодлого болон хувирч ирэв. Энэ үед Монголын талаарх Манжийн төрийн бодлого алгуур өөрчлөгдөж, Монголын талаар тавьсан элдэв хөнгөлөлтүүд суларчээ. Монгол газар хятадууд олноороо хараа хяналтгүй орж ирэх болсон. Монгол орныг Хятадын худалдаа–мөнгө хүүллийн сүлжээ бүрхэж, хүн амын дийлэнх хэсгийг өртөн болгосноор Монголын нийгэм–эдийн засгийн хөгжлийг улам бүр боогдуулах болжээ.
3.XIX зууны сүүлээс XX зууны эхэн хүртэлх Монгол орон. Үүнд Монгол оронд Манжийн шинэ засгийн бодлого явагдсан цаг хугацааг хамруулан авч үзнэ. Улс төр, эдийн засаг, соёлын гэсэн үндсэн гурван чиглэлээр өрнөсөн “Шинэ засгийн бодлогын” Монголд дахь хэрэгжилт нь харгис, сөрөг нөлөөтэй байв. Монголчуудын малын бэлчээрийн зарим хэсгийг хурааж, худалдан авч, газаргүй ядуу олон мянган хятадуудыг зохион байгуулалттайгаар оруулан суулгаж, тэдний амьдралыг өөд татах нь язгуур Манжийн төрийн бус, харин мөн чанартаа Хятадын төрийн бодлого юм. Монголын язгуураас оршин амьдарч ирсэн үндэс суурийг устгах аюултай энэ бодлого монголчуудын үндэсний ухамсрыг сэргээж, тусгаар тогтнолын төлөө босон тэмцэхэд хүргэсэн юм. Дээрх гурван үеийг хураангуйлан томъёолбол, эхэн үед Монголын талаарх Манжийн төрийн бодлого явагдсан бол удаад нь Манж–Хятадын бодлого явагдсан үе, төгсгөлийн үед нь Монголын талаар Манж нэртэй Хятадын төрийн бодлого явагджээ.