Боомт (далан)
Усан сан үүсгэх усны барилга байгууламж / From Wikipedia, the free encyclopedia
Боомт гэдэг нь гадаргын усыг хуримтлуулж хиймэл нуур, газар доорх усыг хуримтлуулж усны нөөц бүхий сан байгуулахад ашиглагддаг барилга юм. Боомтоор хашигдан бий болсон хиймэл нуур нь үерээс дан ганц хамгаалахгүй, усжуулалт, ус хангамж, үйлдвэрийн усны хэрэглээ, усан орчны ахуй болон усан тээвэр зэрэгт ач холбогдолтой. Усны эрчим хүч бол боомт барьж эрчим хүч үйлдвэрлэх гол шаардлага юм. Боомт нь мөн ус ихтэй газарт урсац тохируулга хийн хуримтлуулж ус багатай газарт хуваарилах зорилготойгоор баригддаг. Үерийн хаалт эсвэл далан гэх мэт нь газар нутгийг усны аюулаас хамгаалах, усыг зайлуулах үүрэгтэйгээр гол ба усны урсгалын чиглэлийн дагууд эсвэл чиглүүлэх байдлаар баригддаг бол боомт нь усыг хуримтлуулах үүрэгтэйгээр голын урсгалд хөндлөн чиглэлд баригддаг барилга юм. Усны эрчим хүч үйлдвэрлэх, хот болон хөдөөгийн ус хангамж, усалгаатай газар тариаланд ашиглах зорилгоор гадаргын (гол, мөрөн) усыг урсгалын дагууд перпендикуляраар хааж барьсан барилга байгууламжийг боомт гэнэ. Боомт нь голын экологийн урсацыг гаргах, ёроолд тунах хагшаасыг угаах зориулалттай ус гаргах барилга, үерийн үеийн илүүдэл ус хаях зориулалттай ус хаях барилга, хэрэглэгчдэд ус өгөх ус авах барилга, ус ашиглагчдад зориулсан усан завь өнгөрүүлэх барилга шлюз, амьдралын орчныг хамгаалах загас гаргуурын барилга гэх мэт барилгуудаар тоноглогдоно. Боомтыг барьж байгуулах, түүний зураг төслийг боловсруулахдаа БНБД 33-08-09 - ийг үндэс болгох ба бусад усны барилгын норм норматив баримт бичгүүдийг мөрдөнө []. Боомт гэдэг англи үг dam нь дундад үеийн англи хэл,[1] ба дундад үеийн голланд хэлэнд олон хуучин хотуудын нэрлэх нэр юм. Тухайлбал Амстердам-Amsterdam гэх мэт[2] Харин монгол хэлэнд боох гэсэн язгуураас гаралтай ба голыг урсгалын хөндлөн чиглэлд нь боосон саад хэмээн үзэж боомт гэж нэрлэжээ.