Алекс Фергюсон
From Wikipedia, the free encyclopedia
Сэр Александр Чэпмэн Фергюсон (Англи: Sir Alexander Chapman Ferguson, 1941 оны 12 дугаар сарын 31-нд Шотландын Глазгоу хотын Гован дүүрэгт төрсөн), түүнийг Алекс Фергюсон гэх нэрээр олон нийт илүү мэддэг. Шотландын хөлбөмбөгчин, хөлбөмбөгийн алдартай дасгалжуулагч юм.
1986-2013 онд Английн хөлбөмөгийн «Манчестер Юнайтед» багийн ахлах дасгалжуулагч байсан. Британийн болон дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгийн дасгалжуулагч юм.
Фергюсон анх Шотландын «Ист Стерлингшир», «Сент-Миррен» клубийг, хожим «Абердин» багийг дасгалжуулж өндөр амжилтад хүрсэн. Тэрбээр хэсэг хугацаанд Шотландын Үндэсний шигшээ багийг Жок Стейнийг нас барсны дараа дасгалжуулж байгаад 1986 оны 11 дүгээр сард «Манчестер Юнайтед» багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон байна.
Фергюсон "Манчестер Юнайтед"-ыг 26 жил удирдсан бөгөөд энэ хугацаанд Премьер лигт 13, Аваргуудын лигт 2 ялалт байгуулснаар дээд амжилт тогтоосон юм. Фергюсоны удирдлага дор Юнайтед 100 жилийн түүхээсээ илүү олон цом хүртсэн байна.
1999 онд Их Британийн хатан хаан II Элизабет Фергюсоныг "Загалмайтан" цолоор шагнасан. 2002 онд түүнийг Английн хөлбөмбөгийн алдрын танхимд бүртгэжээ. Мөн тэрбээр Абердин хөлбөмбөгийн клубийн ахлах дасгалжуулагчаар амжилттай ажилласан тул Абердин хотын хүндэт иргэн болжээ.